Аварга Тосон нуур
Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс баруун хойш 5 километрт оршдог. Орчноосоо арай намхан хонхорт орших, 300 метр урт 250 метр өргөнтэй, карбонатын төрөлд багтах шорвог устай, элсэрхэг ёроол бүхий нуур юм. Нутгийн хүмүүсийн яриагаар Тосон нуурт 100 гаруй жилийн өмнөөс хол ойрын хүмүүс ирж өвчнөө сувилдаг байжээ. Нуурын урд дэнжид ноёд, хойд дэнжид лам нар, зүүн баруун дэнжид харц ардууд хотлон буугаад энэ нуурт ордог байжээ. Нуурын баруун хойд захад дээрээ цайвар саарал, доороо хар хөх бараан өнгөтэй маш нарийн тос шиг найнги шавар байх бөгөөд нуурын урд захад нарийн хар бэх мэт тас хар тослог шавар 50 сантиметр гүнээс гарч байдаг ажээ. Тосон нуурын баруун хойд өнцөгт байдаг хонхороос энэ нуурын ус ундрах бөгөөд тэрхүү хонхор нь цайвар өнгөтэй нарийн шавартай. Хонхор нь 15 метр урт, 7 метр өргөн, хөл алдаж шигдэхээр гүн ажээ. Мал орж үхсэн тохиолдлууд байдаг бөгөөд яс нь төмрийн зэв мэт шаравтар өнгөтэй болсон байдаг байна. Тэр хонхорыг нутгийнхан Бумбаа гэнэ. Тосон нуурын ус амт, үнэргүй цайвар ногоон өнгөтэй, олон зүйлийн жижигхэн хорхой, 1 сантиметр орчим урт нарийхан хануур хорхой мэт гуур олон байхын дээр жижиг цох хорхой элбэг байдаг. Тосонгийн шаврыг уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг бөгөөд тэмбүү, хүүхэн харааны хямрал, үе мөчний үрэвсэл, цусны даралт ихдэх багадах, мэдрэлийн ядаргаа, арьс загатнах, арьсны өвчин, эгзим, усан гүвдрүү, диатиз, хүүхдийн шижин зэрэг өвчинд тустай.